Цайны ёслол






Цайны ёслол бол япон үндэсний ёс заншлын дагуу цай чанаж зочиноо дайлдаг урлагийн нэг юм.

Түүнд зөвхөн нэг аяга цайгаар үл барам эзэн ба зочид хоорондын найрсаг уур амьсгал, цайны багаж хэрэгслийн талаар гүнзгий ойлголт, өрөөнд тавьдаг зураг болон цэцгийн өнгө үзэмжийн зохицол гэх мэтийн тал бүрийн зүйл хамаарагддаг тул япончууд цайны ёслолыг ерөнхий урлаг хэмээн үзэж ач холбогдол өгдөг билээ.



Цайны ёслол анх бий болохдоо буддын шашины Зэн урсгалын үзэл бодлын нөлөө ихтэй байсан тул Ваби гэдэг ойлголтыг эрхэмлэдэг болсон. Ваби гэж юу вэ гэвэл гаднаа гялалзсан биш харин даруухан, навсарсан зүйлийг илүүд үзэж түүн дотроос үзэмжийн төгөлдрийг хайж олох гэсэн ойлголт юм.

Түүнчлэн цайны ёслол Азүчи-Момоямагийн үед Сэн-но Рикюү гэдэг мэргэжлийн цайны ёслолын багш улам боловсронгуй болгосон. Өнөөдөр Сэн-но Рикюүгийн уламжлалыг залгамжилсан гурван гол урсгалаас гадна өөр хэд хэдэн урсгалууд байдаг.



Цайны ёслолд хэрэглэдэг цайны идээ нь нунтаг ногоон өнгөтэй япон цай болох ба түүнийг аяганд хийн дээрээс нь буцалсан ус нэмэж, зориулалтын сойз хэлбэртэй зүйлээр хутган хөөсрүүлэн зочиндоо өргөн барьдаг.

Зочин нь эзэн болон хажуудаа сууж буй зочдод ёслон цайны аягыг атган нар зөв эргүүлж үнэт цайны аягыг хүндэтгэж даруухан сэтгэлээ илэрхийлэхийн тулд буруу талын амсалд амаа хүргэж уух гэх мэтийн ёс байдаг.

Өнөөдөр гадаад хүмүүст зориулсан цайны ёслол их явагдаж байгаа. Тэнд зочдоо шалан дээр япон маягаар суулгах биш харин сандал дээр суулгах гэх мэтээр ёсыг нилээд хялбаржуулсан байдаг тул ямар ч ёс мэдэхгүй оролцсон ч санаа зовох зүйлгүй юм.

Хэрэв та бүхэн цайны ёслолд сууж үзэе гэвэл бичгийн хэрэгслийн дэлгүүр олж Кайши гэдэг зориулалтын цаасан алчуур олоод авч яваарай гэж зөвөлмөөр байна. Япончууд таныг япон ёс заншлыг яасан сайн мэддэг вэ гэж гайхаж магадгүй.

Ёко Мицүнага.
Тоокёо 070510`
http://vimomn.net/?m=pc&a=page_fh_diary&target_c_diary_id=52598
Дэлгэрэнгүй унших...